Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд, Онцгой байдлын газраас 2022 оны эхний 10 сард хийсэн ажлын товч тайлан, орон нутагт үүссэн гамшгийн цагийн байдал авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд танилцуулж мэдээлэл хийлээ. Иргэдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар заавар зөвлөгөө өгч анхны тусламжийн ач холбогдол, ахуйн осол, ой, хээрийн түймэр, гал түймрийн аюул, хүчтэй цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, зөвлөмж, гарын авлага материал 2000 ширхэгийг бэлтгэн тараасан. Иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны материал тараах, тайлбарлан таниулах, Онцгой байдлын газарт шинээр ирсэн гал унтраах тусгай зориулалтын автомашин, аврах, гал түймэр унтраах багаж зэвсэглэмж, аврах завь, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг эзэмших, ашиглах арга барилыг тайлбарлан холбогдох мэдээллийг газар дээр нь өгсөн юм.