Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар бороо, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.    

Төлөв байдал: 2-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын замын урд талд мод, шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 08:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 08:25 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Эмпати” сургуулийн хойд талд 20х8 метрийн хэмжээтэй агуулахад шахмал хавтан шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 08:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 08:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт 9х9 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, 12:34 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Шар толгойн бөөрөг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, нийт 14 хүн, 1 автомашинтай 22 км замыг туулан 18:10 цагт очиж, 5 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 20х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:29 цагт очиж, 01:40 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хороололд бейкерид цахилгаан тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 20:11 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 02:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 02:04 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрБулган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн, 5 автомашин, 10 мотоциклтой ажиллаж, мөн өдрийн 18:35 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  /Урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан./

4.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 70 ажилтан, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, нийт 122 хүн, 14 хүнд даацын техник, 20 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 05.31-ний өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 10 метрийн радиус /9 метрийн гүнд/-т нийт 13 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 400 м3 ус татах хүчин чадалтай насос 4, 150 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 1, нийт 7 насосоор 26030 м3 /нийт 157167 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 7 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 9.3 метрийн гүнтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ослын нөхцөл байдалтай танилцсан. 1360 м3 лаг шавар тээвэрлэж, бэлтгэсэн талбайд буулган, буусан лаг шаварт эрэн хайх ажиллагааг хийсэн бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.  Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай богино долгионы радио холбоог зохион байгуулж, мөн өдрийн 12:00, 14:00, 18:00, 20:00, 22:00 цагуудад богино долгионы радио холбоо болон утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл  солилцож, холбооны чанар байдал /хүлээн авалт 3-4, нэвтрүүлэг 5/-ыг үнэлж ажилласан. 06.01-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top