Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр:   Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно.  Салхи баруун хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:   18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан толгой” гэдэг газар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б-ын жолоодож явсан “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 08:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 09:26 цагт очиж, 00:45 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 8 дугаар гудамжинд Иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 16:25 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, “Тэхийн-Ундраа” хүнсний дэлгүүр дэргэд Иргэн Б-ийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 18:03 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түлэгдэж гэмтсэн  Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/,  Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /23 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 1 автомашин, сумын Эрүүл мэндийн төвийн 5 ажилтан, 1 автомашин, нийт 17 хүн, 3 автомашинтай 16 км замыг туулан 18:40 цагт очиж, 00:20 цаг ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Е /11 настай, эмэгтэй/-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн, иргэн Э /47 настай, эрэгтэй/, Г /44 настай, эмэгтэй/, С /40 орчим настай, эмэгтэй/, О/35 орчим настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байсан тул цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 49 дүгээр гудамжинд Иргэн Х/50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Иргэн Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 завь, 1 нохойтой, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 1 автомашин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.16-ны өдрийн байдлаар “Найрамдал-Уул”-аас “Хасбаатар”-ын хөшөө хүртэл 60 км-т завиар 2 удаа урсаж, 10 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:15 цагт зогсоосон. 06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төв аймаг, Лүн сум Баянхангай, Лүн сумын нутаг /Лүн сумаас зүүн зүгт 13 км 06.15-ны өдрийн 15:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж Улаанбаатар хот-Төв аймгийн Лүн сум хоорондох А0301 дүгээр автозамын 110-117 дахь км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ хатуу хучилттай автозамын зорчих хэсэг уруйн үерт автаж, Баянхангай сумын Хөшөөт багийн Тав хангай хорооллын 1-1 тоотод оршин суугч /Баянхангай сумаас урд зүгт 5 км-т/  Ц /4 настай, эмэгтэй/ сураггүй болсон, мөн 3 айлын байшин, 2 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.16-ны өдрийн 06:30 цагт Ц /4 настай, эмэгтэй/-ын цогцсыг гэрээс нь олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр дэх А0301 замын 110-117 дугаар км-т автозамын зорчих хэсэгт уруйн үерийн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын 2019.06.16-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар 06.17-ны өдрийн 18:00 цаг хүртэл  тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд түр зам гаргахаар “Эрдэнэсант АЗЗА” ХХК-ийн 25 ажилчин, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Ахмадын амралтын газрын урд “Хэрлэн гол”-д Баянгол дүүргийн харьяат иргэн З-ийн жолоодож явсан “Вранглер” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ живж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 13.5 км замыг туулан 16:31 цагт очиж, иргэн З /26 настай, эрэгтэй/, Дорноговь аймгийн харьяат иргэн Ү /26 настай, эрэгтэй/, А /4 настай, эрэгтэй/ нарыг автомашины хамт аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрээс хойш 300-400 орчим метрт 06.16-ны өдрийн 16:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Сэлбэ голд цогцос байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 19:40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top